Хууль, эрх зүй

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолын хавсралт

 Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хүн төрөлхтөн байгалийг эрхшээлдээ оруулж, нөөц баялгийг нь ашиглах замаар улс орноо түргэн хурдацтай хөгжүүлэх үйл ажиллагааг давамгайлан явуулж ирснээс дэлхийн байгаль орчин ихээхэн доройтож, байгалийн нөөц баялаг хомсдон, улмаар дэлхий дахиныг хамарсан экологийн хямрал газар авч, нийгэм, эдийн засгийн хөгжлийг сааруулах хүчин зүйл боллоо.
 1.2. Монгол орны байгаль харьцангуй унаган төрхөө хадгалж үлдсэн хэдий ч аж ахуйн зохисгүй үйл ажиллагаа, байгаль орчны хувьсал өөрчлөлтөөс шалтгаалан нийгэм, эдийн засаг, байгаль орчны тэнцвэрт харьцаанд үлэмж өөрчлөлт орж, байгаль орчин бохирдох, зарим газарт экологийн тэнцэл алдагдах хандлага ажиглагдаж байна. Сүүлийн 4О гаруй жилд ховор ан амьтан, ургамлын зарим төрөл зүйл устах, бэлчээр талхлагдан хөрсний үржил шим муудах, цөлжих, ой, усны нөөц хомсдох, хот суурингийн агаарын бохирдол ихсэх зэргээр амьдрах орчны чанар доройтож байна. Иймд нийт орны нутаг дэвсгэрийн хэмжээнд эрчимтэй ашиглалтын болон хамгаалалтын газар нутгийн оновчтой  харьцааг тогтоосны үндсэн дээр  цаашдын хөгжлийн төлөвийг томъголох шаардлагатай болж байна.           
 1.3. Байгаль орчны доройтлыг хязгаарлан зогсоох, байгалийн жам гсны шүтэлцээт харилцаа хэвийн үйлчлэх нөхцөлийг  хангахад тусгай хамгаалалттай газар нутаг  шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхийн бусад орны туршлага харуулж байна.  
1.4. Монгол Улс дэлхийн шим мандлын өвөрмөц бүрдэл хэсэг болсон экологийн эмзэг орчин бүхий унаган байгалиа хамгаалах, түүндээ зохицсон уламжлалт аж ахуйгаа хүн төрөлхтний согл иргэншлийн нийтлэг ололтоор баяжуулан хөгжүүлэх үүднээс экологийн тэнцлийг хангахад онцгой нөлөө бүхий газар нутгаар төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг үе шаттайгаар өргөжүүлж байна. 1995 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, 1997 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийг тус тус  баталж, газар нутгийг хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай  холбогдсон харилцааг хууль зүйн хувьд зохицуулах  нөхцөл бүрдсэн боловч тусгай хамгаалалттай газар нутгийн талаар баримтлах урт хугацааны цэгцтэй бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага  гарч байна.         
1.5. Байгалийн баялгийн ашиглалт эрчимжиж, үйлдвэрлэлт, хүн амын төвлөрөл ихэссэнтэй уялдан  байгаль орчин доройтож байгааг харгалзан, экологийн тэнцлийг хангах, Үндсэн хуульд заасан иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах зорилгоор дэлхийн  тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл баримтлалд нийцүүлэн  Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөрийг /цаашид "Хөтөлбөр" гэх/ боловсруулсан болно.
1.6. Хөтөлбөр нь төрөөс тусгай хамгалалттай газар нутгийн талаар ойрын 20 жилийн хугацаанд баримтлах бодлогын үндсэн чиглэл, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон баримт бичиг мөн.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх хугацаа, зарчим

2.1. Хөтөлбөрийн зорилго нь Монгол орны экологийн тэнцлийг хангахад онцгой ач холбогдол  бүхий газар нутгийг хамарсан тусгай хамгалалттай газар нутгийн сүлжээг өөрийн орны өвөрмөц нөхцөл байдал болон олон улсын жишиг, хандлагад нийцүүлэн хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтооход оршино.
2.2. Хөтөлбөрийг 1998 оноос эхлэн дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
- Нэг дэх үе шат :  2005 он хүртэл;
- Хоёр дахь үе шат:   2005 - 2015 он;
- Гурав дахь үе шат:  2015 оноос хойш.
Тухайн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны  төлөвлөгөө боловсруулж биелэлтийг хангана.
2.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
2.3.1. Хөтөлбөр нь байгаль, орчныг хамгаалах бусад хөтөлбөр, нийгэм, эдийн засаг, бүс нутгийг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагаатай уялдан, харилцан зохицсон байх;
2.3.2. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд өргөнөөр оролцох нөхцөл бүрдүүлж, тэдний хувь нэмрийг хөхүүлэн дэмжих;
2.3.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол орны өргөн уудам нутгийн байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөл, аж ахуй эрхлэх онцлог, иргэдийн нийгмийн хэрэгцээ, шаардлагыг  харгалзан уян хатан байх.

Гурав. Тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи бодлогын чиглэл

3.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал нь байгаль хамгаалах төрийн бодлогын цөмд байж, байгалийн болон түүх соглын өвийг хадгалан хамгаалах, зүй зохистой ашиглах, экологийн тэнцлийг баталгаажуулах гол үндэс болно.
3.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар баримтлах  бодлого нь тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг хөгжүүлэх, түүний удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчин, техник хангамжийн хувьд орчин үеийн шаардлага, олон улсын түвшинд хүргэхэд чиглэгдэнэ.
3.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг төрийн ивээл, дэмжлэг, зохицуулалтаар хөгжүүлэхдээ байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн уялдааг хангах чиглэлийг баримтална.
3.4. Байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцлийг хангах, байгалийн баялгийг арвижуулах, байгаль, түүх, соглын өвийг хамгаалах зорилгоор байгалийн бүс, бүслүүрийн үндсэн шинж, иж бүрдлийг төлөөлсөн, экологийн онцгой ач холбогдол бүхий газар нутгаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж,  нийт улсын нутаг дэвсгэрийн 30-аас доошгүй хувьд хүргэнэ.
3.5. Байгаль орчны төлөв байдал, аж ахуйн үйл ажиллагааны онцлогийг харгалзсан төрөл бүрийн зорилго, үүрэг бүхий тусгай хамгаалалттай газар нутгийн хэлбэрийг хөгжүүлнэ. Ингэхдээ:
3.5.1. экологийн давтагдашгүй онцлог, ач холбогдлоороо  ялгарах зарим газар нутгийг Олон улсын шим мандлын нөөц газар болон Дэлхийн өвийн сүлжээнд хамруулан тус улсын нутаг дэвсгэрийг дэлхийн шим мандлын хамгаалалттай бүс нутаг болгохыг эрмэлзэнэ.
3.5.2.         доройтсон орчин бүхий газар нутгийг тусгай хамгалалттай газар нутгийн сүлжээнд хамруулан нөхөн сэргээх арга хэмжээ авна.               
3.5.3. тусгай хамгалалттай газар нутгийн орчны бүс нутгийг экологийн баримжаатай тогтвортой хөгжлийн  загвар нутаг болгон хөгжүүлнэ.
3.6. Нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, түүний удирдлагын тогтолцооны оновчтой бүтцийг бий болгож, орчин үеийн шаардлага, эрэлт, хэрэгцээг хангасан боловсон хүчнээр бэхжүүлнэ.
3.7. Тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн баялгийн ашиглалтыг экологийн даацад нийцсэн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэлбэрээр явуулах нөхцөл бүрдүүлнэ.
3.8. Тусгай хамгаалалттай газар нутагт явуулах судалгаа, шинжилгээний ажил нь байгалийн зүй тогтол, экологийн үйл явцыг танин мэдэх, тухайн газар нутгийн менежментийн үйл ажиллагааны үндэслэл болоход чиглэгдсэн байна.
3.9. Тусгай хамгаалалттай газар нутаг болон түүний орчны бүсэд амьдарч буй хүмүүсийг тухайн  нутгийн төлөвлөлт, хамгаалалтын үйл ажиллагаанд өргөнөөр хамруулан, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд  дэмжлэг үзүүлнэ.
3.10. Байгалийн баялгийн ашиглалтаас олж буй аливаа ашиг, орлогын тодорхой хувийг тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчин доройтохоос урьдчилан сэргийлэх, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулдаг  журамд шилжинэ.
3.11. Байгалийн гоо үзэсгэлэн хэмээх  нөөцийг байгалийн аялал, жуулчлал хөгжүүлэх замаар аж ахуйн эргэлтэд оруулж, түүнийг байгаль хамгаалах нэг гол хэрэгсэл болгон ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.
3.12.Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг хөгжүүлэхэд гадаад улс, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хөтөлбөрөөр тавигдсан зорилтууд үйл ажиллагааны дараахь чиглэлээр хэрэгжинэ:
4.1.  Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний талаар:
4.1.1. экологийн тэнцлийг хангах, биологийн төрөл зүйлийг хамгаалахад онцгой ач холбогдол бүхий газар нутгийг зохих шалгуурын дагуу тогтоож тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд  үе шаттайгаар хамруулах;
4.1.2. ховор, ховордсон амьтан, нүүдлийн шувуудын амьдрах орчин, экологийн тогтолцооны иж бүрдлийг хамгаалах зорилгоор хөрш орнуудтай хамтарсан хамгаалалттай газрыг байгуулах;
4.1.3.Олон улсын шим мандлын нөөц газрын болон Дэлхийн өвийн сүлжээнд хамруулах газар нутгийн үндэслэлийг боловсруулж, асуудлыг холбогдох олон улсын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.
4.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчин бүрдүүлэх хүрээнд:
4.2.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг төгөлдөржүүлж, бусад хууль тогтоомжтой нягт уялдуулах;
4.2.2. тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн менежментийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг  боловсруулж мөрдүүлэх;
4.2.3. тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд улсаас олгож буй   төсвөөс бусад хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хууль зүй, эдийн засгийн үндсийг бүрдүүлэх;
4.2.4. тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох.
4.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлага, зохион байгуулалтын талаар:
4.3.1. тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний удирдлага, зохион байгуулалтын оновчтой хувилбарыг сонгож, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
4.3.2. байгалийн нөөц, дурсгалт газруудын хамгаалалтыг бэхжүүлэхэд  орон нутгийн болон төрийн захиргааны байгууллагуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх;
4.3.3. тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадыг бэхжүүлж, удирдлагын биеэ даасан үйл ажиллагааг нь дэмжих.
 4.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний боловсон хүчний талаар:
4.4.1. тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний боловсон хүчнийг бэлтгэх, сургахад чиглэгдсэн нэгдсэн хөтөлбөр боловсруулж, тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх, сургалтын бүтэц, арга технологи, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, тогтмол жигд явуулах нөхцөлийг бүрдүүлэх;
4.4.2. тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний ажилтнуудыг бие даан боловсорч, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоогоор хангах.
4.5. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, байгалийн баялгийн ашиглалтын талаар:
4.5.1. тусгай хамгаалалттай газар нутагт аялал,  жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж  хэрэгжүүлэх,  тусгай хамгаалалттай газар нутаг бүр өөрийн үйл ажиллагааны урт богино хугацааны зорилтыг тодорхойлсон менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
4.5.2. тусгай хамгаалалттай газар нутгийг байгалийн гамшгаас  хамгаалж, доройтсон орчинг нөхөн сэргээх арга хэмжээ авах;
4.5.3. тусгай хамгаалалттай газар нутгийн болон орчны бүсийн  байгалийн баялгийн ашиглалтыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний үндсэн дээр зохицуулж, орчиндоо халгүй, хаягдалгүй,  дэвшилт технологи нэвтрүүлэн ашиглах;
4.5.4. тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийн ашиглалтыг хязгаарлах, нөхөн сэргээгдэх  баялгийн менежментийг сайжруулах;
4.5.5. тусгай хамгаалалттай газар нутагт онцгой  ач холбогдолтой ашигт малтмалын нөөц илэрч, түүнийг ашиглах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагын санал,  дүгнэлтийг үндэслэн  тухайн газар  нутгийг хамгаалалтын дэглэмээс гаргах асуудлыг зохих хууль тогтоомжийн хүрээнд зохицуулах.
4.6. Тусгай хамгаалалттай газар нутагт дахь судалгаа, шинжилгээний ажлын талаар:
4.6.1. тусгай хамгаалалттай газар нутагт байгалийн төлөв байдал, түүний хувьсал өөрчлөлтийг тогтоох болон менежментийг боловсронгуй болгоход чиглэгдсэн судалгааг ээлж дараатай зохион байгуулах;
4.6.2. тусгай хамгаалалттай газар нутагт хийсэн судалгааны үр дүн, баримт, мэдээллийг нэгдсэн санд төвлөрүүлэх;
4.6.3. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчны төлөв байдалд үнэлгээ өгөх хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээг бүрдүүлэх.
4.7. Байгаль орчны сургалт, сурталчилгааны талаар:
4.7.1. тусгай хамгаалалттай газар нутгийг түшиглэн иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил олгох мэдээлэл, сурталчилгааны сүлжээг бий болгож  үйл ажиллагааг нь тогтмолжуулах;
4.7.2.  дээд,  ерөнхий  болон албан бус боловсролын экологийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн талаар  тусгах;
4.7.3. тусгай хамгаалалттай газар нутгийн үүрэг, ач холбогдлын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилж, хүн амын мэдлэг, мэдээллийн түвшинг байнга дээшлүүлэх.
4.8. Олон нийтийн оролцоог дээшлүүлэх, орчны бүсийг хөгжүүлэх талаар:
4.8.1. тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа нь менежментийн төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажилд нутгийн иргэдийг татан оролцуулах нөхцөл бүрдүүлэх;
4.8.2. газар нутгийг тусгай хамгаалалтад авснаар нутгийн иргэдээс байгалийн баялгийг ашиглах хязгаарлалтын хэмжээг тогтоож, түүнийг нөхөх арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх;
4.8.3. байгаль хамгаалах чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байгаа иргэд,  аж ахуйн болон олон нийтийн байгууллагуудыг дэмжих,  урамшуулах, олон нийтэд сурталчлах;
4.8.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуульд заасан журмын дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх.
4.9.  Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилт, материаллаг  баазын талаар:
4.9.1. тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг нормативаар санхүүжүүлэх зарчимд шилжиж,  бие даан хөгжих бололцоог бүрдүүлэх;
4.9.2. тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд эн тэргүүнд санхүүжүүлэх шаардлагатай менежментийн зорилтуудыг тодорхойлж, холбогдох санхүүжилтийг гадаад орны тусламж,  олон улсын байгууллагын шугамаар шийдвэрлэх алхамуудыг хийх;
4.9.3. тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг хөгжүүлэхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, энэ чиглэлээр гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад санхүү, зээл, татварын тааламжтай нөхцөл бүрдүүлэх талаар арга хэмжээ авах.
4.10. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд:
4.10.1 гадаад оронтой байгуулах гэрээ, хэлэлцээрт тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлыг тодорхой чиглэлээр тусгаж хэрэгжүүлэх;
4.10.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Нэгдсэн Үндэстний байгууллагын төрөлжсөн байгууллага, олон улсын бусад байгууллага, гадаад орнуудтай хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх;
4.10.3. тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсийг хөгжүүлэхэд чиглэгдсэн Итгэмжлэлийн сангийн хөрөнгө, гадаад орны тусламж, хандивыг зохистой хуваарилан,  оновчтой зарцуулахад онцгой анхаарах.

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх ажлыг зохион байгуулна.
5.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадыг бэхжүүлж,  шаардлагатай техник хэрэгслээр хангахад олон улсын байгууллага, гадаад орны зээл, тусламжийн хөрөнгийн зохих хэсгийг зарцуулна.
5.3. Тусгай хамгаалалттай газар нутагт байгалийн баялаг ашигласны төлбөр болон аялал, жуулчлал, бусад ажил, үйлчилгээ явуулсны орлогын тодорхой хэсгийг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулна.
5.4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламж, бусад нөөц бололцоог ашиглан тусгай хамгаалалттай газар нутгийн сан байгуулж ажиллана.  

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат

6.1. Хөтөлбөрийг хэрэжүүлэх нэг дэх үе шатанд тусгай хамгаалалттай газар нутгийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэл боловсрогдож, тэдгээрийн хамгаалалт, зохистой ашиглалтыг хангах, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгоход чиглэгдсэн хууль зүй, эдийн засгийн тааламжтай орчин бүрдсэн байна.  Энэхүү үе шатанд:
6.1.1. улсын тусгай хамгаалалтад хамрагдах газар нутгийн дарааллыг зохих судалгаа, шалгуурын дагуу тогтоосны үндсэн дээр тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан хэмжээнд өргөжүүлж, хамгаалалттай зарим  нутгийг Олон улсын шим мандлын болон Дэлхийн өвийн сүлжээнд хамруулна;
6.1.2. тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсийн байгалийн баялгийг үр өгөөжтэй ашиглах хууль зүй, эдийн засаг, зохион байгуулалтын үндсийг бэхжүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулна;
6.1.3. тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний удирдлагыг оновчтой болгон бэхжүүлж, боловсон хүчний 50-иас доошгүй хувийг мэргэжлийн түвшинд бэлтгэхээс гадна төв, орон нутгийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог дээшлүүлж, үйл ажиллагааг нь тогтворжуулна;
6.1.4. хуульд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсийн хөгжлийн зорилтыг тодорхойлсон менежментийн төлөвлөгөөг боловсруулж үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлнэ;
6.1.5. аялал, жуулчлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй  хөгжүүлэх үндэс  суурь тавигдаж, эдийн засгийн өндөр  үр ашиг өгч эхэлнэ;
6.1.6. тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчны төлөв байдалд үнэлгээ өгөх  байгаль орчны хяналт шинжилгээний сүлжээг улсын хэмжээнд байгуулж, мэдээллийн сан бүрдүүлнэ;   
6.1.7. гадаад орон,  олон улсын байгууллагын шугамаар хэрэгжиж буй  тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлийн төсөл, арга хэмжээний  үр дүн, өгөөжийг дээшлүүлж, тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн хөгжлийг тэтгэх хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлнэ.
6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хогр дахь үе шатанд тогтвортой хөгжлийн талаархи төрийн бодлогын зорилтууд хэрэгжих шатандаа орж, зарим үр дүн гарч эхэлсэн байна. Энэхүү үе шатанд:
6.2.1. нийт нутаг дэвсгэрт экологи, эдийн засгийн бүсчлэлтэй уялдан эрчимтэй  ашиглалтын болон хамгаалалттай нутгийн зохистой харьцаа тогтож, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг Хөтөлбөрийн 3.4-т заасан хэмжээнд хүргэж, тусгай хамгаалалттай газрын 10 хүртэл хувь нь доройтсон газар байхаар өргөжүүлнэ;
6.2.2. тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлээр гарсан хууль тогтоомжийг тухайн үеийн нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлж, байгаль орчны чадавхийг дээшлүүлэх менежментийн арга хэрэгсэл болгон шинэчилнэ;
6.2.3. тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлага, зохион байгуулалт, материаллаг бааз, мэргэжлийн боловсон хүчний хангамж, тэдгээрийн чадварыг бэхжүүлнэ;
6.2.4. тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, орчны бүсийн  хөгжлийг тодорхой түвшинд  хүргэж,  иргэдэд байгалиа хамгаалах сэтгэлгээг улам бүр төлөвшүүлнэ;
6.2.5. тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн гоо үзэсгэлэн, түүх, соглын дурсгалт зүйлсийг үр өгөөжтэй ашиглахад чиглэгдсэн үйлчилгээ, дэд бүтцийг  хөгжүүлнэ.
6.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурав дахь үе шатанд тусгай хамгаалалттай газар нутаг болон түүний орчны бүс нь Монгол орны тогтвортой хөгжлийн үлгэр жишээ нутаг болон хөгжих эх үндэс тавигдаж, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний менежмент олон улсын жишигт хүрсэн байна.
6.4. Монгол Улс экологийн баримжаатай тогтвортой хөгжлийн бүс нутаг болох талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1992 оны "Байгаль орчин ба тогтвортой хөгжил" сэдэвт бага хуралд дэвшүүлсэн тунхаглал биелэлээ олох нөхцөлийг бүрдүүлнэ.

 Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн

7.1. Хөтөлбөрийг  хэрэгжүүлснээр байгаль орчныг хамгаалах асуудлыг нийгмийн тэргүүлэх чиглэлийн нэг болгож, хүн байгалийн харилцан шүтэлцээг ханган, нийгэм нь байгалдаа зохицон тогтвортой хөгжих,  Монгол орны байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, байгалийн жамаар нөхөн сэргэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн экологийн баримжаат төрийн бодлогын чухал зорилтууд биелэлээ олно.
7.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн иж бүрэн, бие даасан сүлжээ бүрэлдэж, тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ өргөжиж, хамгаалалтын захиргаад бүх талаар бэхжин, менежмент нь олон улсын жишигт хүрсэн байна.
7.3. Байгалийн баялгийн ашиглалт, хамгаалалтын зохистой хэм хэмжээ тогтсоны үндсэн дээр тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тогтвортой хөгжил хангагдаж, хүн амын амьдралын түвшин  дээшлэх болно.